Түүх өгүүлэх нь
УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙ нь өнө эртнээс Монгол улсын Өмнийн говьд эдийн засгийн гол үйл ажиллагаа байсаар ирсэн билээ. Энэхүү хатуу ширүүн говь цөл газарт амьжиргаа залгуулах нь үргэлж аз туршсан хэрэг байсан бөгөөд Оюу Толгойн алт, зэсийн уурхай дэлхийн зэсийн томоохон ордуудын нэгэнд дэд бүтцийн өргөн сүлжээг барьж эхэлснээр мал маллах явдал улам ярвигтай болжээ. Бэлчээр, усны төлөөх өрсөлдөөн, эдийн засгийн өөрчлөлт, нутаг орны эрс хувиралтай гэнэт нүүр тулсан малчид тэдний уламжлалт мал аж ахуйд учирч буй нөлөөллийг даруй мэдэрч эхэлсэн байна.
2012, 2013 онуудад Ханбогд сумын малчид Оюу Толгойн уурхайд хөрөнгө оруулсан Дэлхийн Банкны Группийн хариуцлагын газарт гомдол гаргасан. Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмены Газар (ЭЗХНЗОГ) хэмээх хариуцлагын газраас зуучлалын үйл ажиллагааг чиглүүлсэн бөгөөд энэ явцад малчид болон ус, бэлчээртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зорилготой уурхай, малчид, орон нутгийн засаг захиргааны төлөөллийг оролцуулсан, бие даасан үйл ажиллагаатай Гурван Талт Зөвлөлийг (ГТЗ) талууд байгуулсан болно.
Олон жил хэлэлцэж ярилцсаны эцэст малчдын гомдлыг барагдуулах хоёр гэрээг ГТЗ 2017 оны 5 дугаар сард байгууллаа. Эдгээр гэрээнүүд нь бэлчээр, усны нөөц, нөлөөллийн мониторинг, орон нутгийн харилцаа, амьжиргаа алдагдсаны нөхөн олговор, Ундай гол, ариун дагшин Бор Овоон Задгайг уурхай өөрчилсөн зэрэгтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх нийт 60 үүрэг амлалтыг агуулсан болно.
ГТЗ нь өргөн хүрээтэй амлалтуудыг урагшлуулахад сайшаалтай ахиц гарган, бүх амлалтын бараг гуравны нэгийг биелүүлсэн бөгөөд бас нэг гуравны нэгийн хэрэгжилт явагдаж байна. Гэвч ГТЗ ус, бэлчээрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдыг зах зээлтэй холбох гэх мэт малчдын хувьд хамгаас чухал үүрэг амлалтыг хэрэгжүүлэх явцад бэрхшээлтэй тулгарсаар байгаа билээ. Хамгийн чухал үүрэг амлалтууд хүлээгдсэний улмаас хувирч буй орчин нөхцөлд уламжлалт мал аж ахуйгаа үргэлжлүүлэн эрхэлж чадах эсэх тухайд айдас түгшүүртэй байгаагаа малчид илэрхийлсээр байна.
Тулгарч буй Бэрхшээлүүд
Гэрээнүүд байгуулсан нь чухал ололт, гэхдээ тэдгээрийг үр өгөөжтэй хэрэгжүүлэхгүй аваас цаасан дээрх хоосон амлалтаас хэтрэхгүй. Гэрээнүүдийг ажил хэрэг болгохын тулд бүх талууд хичээл зүтгэл гаргах шаардлагатай бөгөөд хэрэгжүүлж дуустал нэлээд зай байна.
Өнөөг Хүртэлх Ололт Амжилт
2019 оны 2 дугаар сард Aккаунтэбилити Коунсел гэрээний хэрэгжилтийн эхний 18 сарын байдалд дүн шинжилгээ хийсэн тайланг гаргасан. Уг тайланд гол чухал үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд ихээхэн ажил хийх шаардлагатай, амжилттай хэрэгжинэ хэмээн баталгаа өгөхөд эрт байна хэмээн дүгнэсэн билээ. Энэхүү цахим хуудас тэрхүү тайланд тулгуурласан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын байдлаар олж илрүүлсэн зүйлийн талаарх шинэ мэдээлэл, зөвлөмжийг орууллаа. Бид малчдын зөвлөхийн хувьд гэрээг малчдад хамгийн үр өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хэрэгжилтийн явцыг хянах, үйл явцын ил тод байдлыг хангах зорилгоор эдгээр тайланг гаргадаг.
Гэрээнүүдийг байгуулснаас хойш 3 жил болоход юу нь бүтэлтэй байна, юу нь болохгүй байна, юуг сайжруулах вэ гэдгийг бид тусган харуулж байна. Сүүлийн тайлангаас хойш ГТЗ тоон үзүүлэлтээр бодитой дэвшилд хүрчээ: тэд нэмж 8 үүрэг амлалтыг биелүүлсэн бөгөөд 11 үүрэг амлалт нэлээд ахицтай байна. Өнгөрсөн жил үүрэг амлалтын талаас илүү хувь нь хоцрогдолтой байсан бол одоо үүрэг амлалтын гуравны хоёр нь биелсэн буюу дуусах дөхсөн байна. Энэ бол сайшаалтай ололт амжилт мөн.
Гэвч нөгөө талаар ажлын хэцүү дөнгөж л эхэлж байгаа юм. Нэмж хэрэгжүүлсэн үүрэг амлалтын дийлэнх нь арван хуруунд багтах төдий малчин өрхөд үр өгөөжөө өгөх ажлууд аж. Сумын хэмжээнд шинэ худаг барих, шинэ бэлчээр гаргах, малчдыг зах зээлтэй холбох гэх мэт үр шимийг нь түмэн олонд өргөнөөр хүртээж, тэдэнд амьдрал ахуйгаа тогтвортой залгуулах арга хэрэгсэл атгуулах зорилготой, малчдын хувьд нэн чухал үүрэг амлалтууд хэрэгжиж эхлээгүй эсвэл дөнгөж гараанаасаа гарч байна. Эдгээр үүрэг амлалт нарийн төвөгтэй учраас хэрэгжүүлэхэд хялбаргүй. Амжилтанд хүрэхийн тулд байнгын хүчин зүтгэл гаргаад зогсохгүй үүрэг амлалт бүрийн өгөх ёстой өгөөжийг баталгаатай болгох үүднээс малчид иргэдтэй тогтмол зөвлөлдөж байх нь чухал.
ГТЗ-ийн ажил бодит үр дүн өгч эхэлж байгаа ч дэлхийн хэмжээний уул уурхайтай малчид саахалт оршингоо өөрсдийн уламжлалт амьдрал ахуйгаа үргэлжлүүлэн авч явахад нь тусалж дэмжинэ гэсэн гэрээний амлалт хэрэгжих эсэх нь тодорхойгүй хэвээр. Ганц зүйл тодорхой: түргэн шуурхай, үр дүнтэй урагш ахих шаардлагатай байна.
Үүрэг Амлалтын Хэрэгжилтийн Байдал
*Тайлбар: 34-р үүрэг амлалтаар Ханбогд сумын Мал Аж Ахуйн Салбарыг 2024 оныг дуустал Хөгжүүлэх Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэг бүхий чухал үүрэг амлалт билээ. Бид энэхүү Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд бусад үүрэг амлалтанд ороогүй 13 бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлсон бөгөөд одоо эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг тусдаа дэд үүрэг амлалт хэлбэрээр нэгбүрчлэн авч үзэж байгаа болно. Тиймээс өнгөрсөн онд бид 60 үүрэг амлалтын хэрэгжилтийг хянаж байсан бол энэ онд нийт 72 үүрэг амлалтын хэрэгжилтийг хянан үзсэн болно.
Зөвлөмжүүд
- Хэрэгжилтийн явц, хэрэгжүүлэх цаг хугацааны талаар байнга мэдээлэх замаар ил тод байдлыг нэмэгдүүлэн, орон нутгийн малчидтай харилцаагаа сайжруулах. Үүнийг сайжруулахгүй бол мэдээлэл дутмагаас сэжиг таамаг төрүүлж, төөрөгдөл бий болгох бөгөөд эмзэг бүлгийн иргэд Гэрээний үр өгөөжийг хүртэж чадахгүйд хүргэж болзошгүй.
- ГТЗ Гэрээнүүдийн үүрэг амлалтыг хариуцлагатайгаар бүрэн хэрэгжүүлэх явдлыг хангахын тулд мониторинг, хяналтын найдвартай, бие даасан механизм бий болгох. Мониторинг хийхдээ үүрэг амлалт тус бүрийн хэрэгжилт тавьсан зорилгодоо хүрсэн эсэхэд анхаарлаа хандуулж, ГТЗ саад бэрхшээлийг даван туулахад нь тус болох зөвлөмж өгч байх нь чухал.
- Урьд нь мэдэгдээгүй хүндрэлээс болж өөрчлөлт хийх шаардлагатай болсон байлаа ч Гэрээний бүх үүрэг амлалтуудыг тэдгээрийн зорилго, зориулалтын дагуу хэрэгжүүлэх явдлыг хангах. Мал аж ахуйг тогтвортой байлгана л гэж байгаа бол бэлчээр, устай холбоотой үүрэг амлалтуудыг эн тэргүүнд тавьж, малчдын хэрэгцээг хангахад анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай.
- Төслүүдийг зорилгоос нь хазайлгахгүй, цаг хугацаанд нь, хамрах хүрээний дагуу хэрэгжүүлэх явдлыг хангахын тулд гуравдагч этгээд санхүүжүүлсэн буюу гүйцэтгэж буй үүрэг амлалтуудын хэрэгжилтэнд нарийн хяналт тавьж, мониторинг хийж байх.
- ГТЗ-ийн үүрэг, үйл ажиллагааны талаар сургалт явуулах нь ГТЗ-д шинээр сонгогдсон гишүүдэд тустай нөгөө талаар 2020 он сонгуулийн жил учраас бүх хамааралтай талуудыг ГТЗ-ийн ажлаас хөндийрүүлж магадгүй болохыг анхааралдаа авч, ГТЗ-ийн төлөөлөгчдийн чадавх, үүрэг хариуцлагыг байнга дээшлүүлж байх хэрэгтэй.