Аккаунтбилити Коунсел болон Аргачлалын тухай
About Accountability Counsel
Aккаунтэбилити Коунсел нь дэлхий даяар өөрсдийн эрх, хүрээлэн буй орчноо хамгаалж буй нутгийн иргэдийн дуу хоолойг хүч түрэн нэмэгдүүлдэг байгууллага юм. Олон улсын санхүүжилттэй төслүүдийн улмаас хохирол амссан хүмүүсийг өмгөөлөгчдийн хувьд бид шударга ёсыг хүртээхийн тулд нутгийн иргэдэд чиглэсэн, бодлогын түвшний стратегиудыг ашигладаг.
Aккаунтэбилити Консул нь 2012 оноос хойш энэ гомдлын хэргээр малчдад зөвлөгөө өгч байна. Малчдын зөвлөхийн хувьд гэрээг малчдад хамгийн их өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хэрэгжилтийн явцыг хянах, үйл явцын ил тод байдлыг хангах зорилгоор бид эдгээр тайланг гаргадаг билээ.
Methodology
Aккаунтэбилити Коунселын 2019 оны "Үгнээс Үйл хэрэг рүү" хэмээх тайланд тулгуурлан шинэчлэн гаргаж буй 2020 оны энэхүү интерактив тайлангаар 2017 оны 5-р сард Гурван Талт Зөвлөлөөр хэлэлцэн тохирч, гарын үсэг зурсан эцсийн 1 ба 2-р Гэрээнд тусгасан 60 үүрэг амлалтын хэрэгжилтийг үнэлж байна. Эх Гэрээнүүдэд зарим үүрэг амлалт хэд хэдэн газар дахин давтагдсан байгаа тул энэхүү тайланг боловсруулахдаа уншихад ойлгомжтой болгон, явцыг илүү үнэн зөв үнэлэх үүднээс үүрэг амлалтуудыг давтагдахааргүй болгон жагсаалтыг цэгцлэн дугаарлав.
2019 оны тайлангийн аргачлалаас хэд хэдэн зүйл өөрчлөгдсөн болохыг бид тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Нэгдүгээрт, "Ханбогд Сумын Мал Аж Ахуйн Салбарын 2024 он хүртэлх Хөгжлийн Хөтөлбөр" гэсэн 34-р үүрэг амлалт дотор багтсан онцлог дэд үүрэг амлалтуудыг 2020 оны тайланд салгаж тусгалаа. Энэхүү үүрэг амлалт нь 1-р Гэрээний Хавсралт Б-д заасан хэд хэдэн томхон дэд үүрэг амлалтыг багтаасан бөгөөд энэ жил бид эдгээр үүрэг амлалтыг 34a - 34m хэмээн жагсааж тусад нь авч үзэхээр шийдсэн болно.
Хоёрдугаарт, тухайн үүрэг амлалт нь 2017 оны Гэрээнд анхлан заасан хугацаандаа хэрэгжиж буй эсэхийг үнэлэх ажиллагааг хялбаршуулан, тодорхой болгох зорилгоор бид даган мөрдөж буй дөрвөн жишиг үзүүлэлтээ шинэчиллээ. Манай жишиг үзүүлэлтүүдийг доор тодорхойлов.
- Эхлээгүй. Энэхүү жишиг үзүүлэлт нь тухайн үүрэг амлалтын хувьд өнөөг хүртэл ахиц гараагүй гэсэн үг юм. Үүрэг амлалт 34.l (мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах) болон 34.m. (тэмээ, хонины ноос боловсруулах үйлдвэр байгуулах) гэх мэт зарим тохиолдолд хэрэгжилт хараахан эхлэх болоогүй байна. 3-р үүрэг амлалт (бэлчээр нэмж гаргах) гэх мэт өөр тохиолдолд үүрэг амлалтыг хэрэгжүүлж эхлэхээр анхлан товлосон цаг хугацаа өнгөрсөн боловч ахиц гараагүй байна.
- Хоцорч байгаа. Энэхүү жишиг үзүүлэлт нь үүрэг амлалтыг хэрэгжүүлэх ажил эхэлсэн, гэхдээ 2017 оны 5-р сард эх гэрээнд заасан хугацаанаас хоцорч байгаа гэсэн үг юм. 6-р үүрэг амлалт (бууцны кадастр) гэх мэт цөөн хэдэн тохиолдолд хэрэгжилт нь анх товлосон хугацаанаас хоцорсон хэдий ч жилийн дотор дуусахаар ахицтай байгааг нь бид "хэрэгжиж байгаа" гэж үзлээ.
- Хэрэгжиж байгаа. Энэ жишиг үзүүлэлт нь үүрэг амлалтын хэрэгжилт эх гэрээнд заасан хугацаанд явагдаж байна гэсэн үг юм. Тухайн үүрэг амлалтын зорилгод хүрэхийн тулд шийдвэрлэх шаардлагатай бэрхшээл, асуудал гарсан эсэхийг үүнд тусгаагүй болно. Иймэрхүү төрлийн мэдээллийг үүрэг амлалтын тайлбарт өгүүлсэн байгаа (жишээ нь, шинэ гар худаг барих тухай 12-р үүрэг амлалтыг үзнэ үү). Дээр дурдсанчлан цөөн хэдэн тохиолдолд хэрэгжилт нь анх товлосон хугацаанаас хоцорсон хэдий ч жилийн дотор дуусахаар ахицтай байгааг нь бид "хэрэгжиж байгаа" гэж үзлээ. Зарим үүрэг амлалт нь үе үе тогтмол хийгдэх үйл ажиллагааг шаарддаг эсвэл байнга үргэлжлэх ажил байдаг. Эдгээр тохиолдолд тухайн үүрэг амлалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж заасан болно. Нэлээд урт хугацаанд үр дүнтэй, тогтвортой хэрэгжиж буй үүрэг амлалтыг биелсэн гэж тэмдэглэлээ. Жишээлбэл, хамтын оролцоот байгаль орчны мониторингийн хөтөлбөрийн хувьд энэ нь мониторингийн бүх үйл ажиллагааны эхний бүтэн үе дууссан бөгөөд хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд ямар нэгэн мэдэгдэхүйц саад бэрхшээл байхгүй гэсэн үг юм.
- Биелсэн. Энэ жишиг үзүүлэлт нь тухайн үүрэг амлалт биелсэн гэсэн үг. Зарим тохиолдолд тухайн үүрэг амлалт дийлэнхдээ хэрэгжиж дууссан хэдий ч байнга үргэлжлүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлсний дараа байнгын мониторинг шаарддаг нэг томхон төсөл хэрэгжсэнээр тухайн үүрэг амлалт тодорхойлогдох тохиолдолд ийм байдал бий болно (жишээ нь, ОТ-ийн гомдлын механизмыг сайжруулах 22-р үүрэг амлалтыг үзнэ үү). Эдгээр тохиолдолд тухайн үүрэг амлалтыг байнга хэрэгжүүлнэ гэсэн байгаа.
Лавлагаа: Манай 2019 оны тайланд ашигласан жишиг үзүүлэлтэд дараахь зүйлсийг оруулсан.
- Хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөө боловсруулсан эсэх
- Санхүүжилт батлагдсан эсэх
- Хэрэгжилтийн үйл явц эхэлсэн эсэх
- Хэрэгжилтийн үйл явц дууссан эсэх
2019 оны 6-р сард ГТЗ дэх бүх талуудын төлөөлөгчид (орон нутгийн засаг захиргаа, ОТ, малчид), гэрээ хэрэгжсэнээр өгөөжийг нь хүртсэн буюу хүртэх нөлөөлөлд өртсөн малчид, хамтын оролцоот байгаль орчны мониторингийг гүйцэтгэгч “Мөнх Ногоон Галба” ТББ, орон нутгийн хөгжлийн томоохон үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж буй хөндлөнгийн ТББ зэрэг олон янзын оролцогчидтой хийсэн хэд хэдэн ярилцлагад үндэслэн бүх үнэлгээг хийсэн болно. Нийтдээ 28 хүнтэй ярилцлага хийсэн. Түүнчлэн 2019 оны 6-р сард ГТЗ-ийн хуралд биеэр оролцон ажигласан ба 2017 оны 5-р сараас өнөөг хүртэлх ГТЗ-ийн хуралдааны тэмдэглэл, гаргасан хамтарсан мэдэгдлийг үзэж судлан, хэрэгжилтийн явцтай холбоотой бусад баримт бичгүүдтэй танилцах замаар мэлээлэл цуглууллаа. Энэхүү тайлангийн төслийг ГТЗ-ийн бүх талуудад илгээн, үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс саналаа ирүүлэхийг хүссэн болно.